Wednesday, January 4, 2012

Хийдийн сахиус болох Лхам бурханы түүх



Лхам бурхан: Балданлхам буюу монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр хэмээнэ
Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бадьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам нь Хар лхам, Ремодэ лхам, Лхам дүнжмаа, Рэгви лхам гэх мэт олон нэртэй байдаг.
Лхамын гарал үүсэл: Эрт цагт Дүртэдийн орон буюу буяны мөр хөөсөн архад нарыг тавьдаг газарт найман хамгаалагч байсны нэг нь. Балданлхам юм. Лхам нь Балданлхам гэдэг нэр авахаасаа өмнө Эх мам гэдэг нэртэй, найман Намсрайн нэг Замбалын нөхөр байжээ.
Мам нь аливаа тотгор, тэрсүүдийг хорлохдоо таалагч хүсэл төрүүлж, завхай зайдан, бөөр доод биений өвчин тусгадаг хорлолтой амьтан юм.
Дүртэд буюу үхээрийн эзэн нь урьд цагт Хурмаст тэнгэрийн бумбатай рашааныг хулгайлан зугтжээ. Хурмаст араас нь хөөтөл далай руу орчихож гэнэ. Хурмаст рид хүчээр далайн усыг буцалгахад мөнөөх Дүртэд ялзран араг яс болоод хойшид хулгай хийхгүй гэж тангараглажээ. Үүнээс хойш хулгайч нарыг хөөж амьтны эдийг хамгаална гэж байнгын тэр дүрээрээ оршжээ.
Йрээдүйн шашны сахиус Эх мам нь их шаргуу лус бүгдийг боол зарц болгон эд хогшил, сан хөмрөгийг тэнцэлгүй ихээр буй болгодог болжээ. Энэ үесэд галт уул бадарсан үхээрийн газраас Чагнаадорж /Очирваань/ Эх мамыг тангарагт оруулан адислаж Доржналжирмаа /Нархажид/ хэмээн нэртэй болгожээ. Ийнхүү мам байснаа дээшилсээр Балданлхам бурхан болжээ.
Домогт Энэтхэгийн өмнө зүгт Эрлэгийн хотод амнаасаа гал бадруулагч эр эм шулам хоёр байжээ. Тэдэнд нэг хүү, гурван охин төрсөний  бага охин нь ирээдүйн Лхам сахиус гэдэг. Тэгтэл тэнгэрээс мангас ирээд хоёр эгчийг нь булаан авч явж гэнэ. Тэр мангас нь амьтан хүнийг иддэг их догшин юмсанжээ. Тэгээд хоёр эгчээ эргүүлж авчирахаар эцгээсээ цалам, бэрээ, эхээсээ эрлэгийг айлгагч цаазын мод, өвчний эмийн тулам авч тэнгэр лүү явжээ. Тэгээд өөрийн хүч чадлаар эгч нараа мангасаас авчирсан ажээ.
Мөн хүн, амьтан, шашныг мангасын хорлолоос аврахын тулд Лхам бээр өөрийгөө золиослон тэнгэр нүү гарч мангасын хүүхдийг гаргажээ. Гэсэн ч мангасын догшин хэрцгий зан өөрчлөгдөлгүй хорлолоо үйлдсээр л байжээ. Лхам мангасыг хэрхэн алж устгах вэ хэмээгээд биед нь ганцхан газар сум орохоор үхэхийг нь мэдээд мангасыг алахаар бэлдсэн. Гэтэл Лхамын бодлыг өнөөх мангас мэдээд Лхамын хоёр хөлийг тушаад хул луусан дээр хөндлөнгөөр нь суулгажээ. Тэгээд Лхам руу эрчилсэн хуй салхи явуулсан ч Лхам эс үхэв. Дараа нь хүүдээ ээжийгээ ид гэж шившээд явуулсан. Ингээд  хүү ээжийгээ идэх гэж ирэхэд тэмцэлдээд Лхам хүүхдээ идээд толгойг нь богцсондоо хийжээ. Дараа мангасыг үхлийн цагт нь харваж алаад, арьсыг нь хуулж мориныхоо эмээл дээгүүр бүтээгээд замбуутивд бууж иржээ. Түүнийг ирэхэд амьтан бултаар мөргөж хүндлэл ихийг үзүүлж тахидаг болжээ. Эрт галавын цагт Шагжамүнээс өмнө Дивангар бурхан, Сэртүв бурхан, Одсэр бурхан, Майдар бурхан гэх мэт олон бурхад байжээ. Балданлхам нь Майдар бурханы үед Осоржама, Сэртүв бурханы үед Эх мам /Балдан магсар/, Одсүрэн бурханы үед Манз, Шагжамүнийн үед Балданлхам нэртэй болоод бурханы шашны гол сахиус Төвдийн Гандан Поврон хийдийн гол сахиус болон оршжээ.
Манай Архангай аймагт Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд сарын бүрийн 23-нд Лхам сахиусаа тахидаг бөгөөд өвлийн сүүл сарын 30-нд Лхам бурханаа тахиж Цэдэр лхамаа хурдаг. Цэдэр Лхамын уншлага тахилгын бүрээн дууг сонссон хүн гурван тамын зовлонгоос гэтэлдэг  хэмээдэг. Гомбо, Чойжоо, Лхам гурвыг бурханы шашныг сахин хамгаалагч, үйлсийг түргэн ямагт бүтээгч гол сахиуснууд гэдэг учир Богд лам ихэд нандигнан шүтдэг байжээ.
Лхам нь өвлийн сүүл сарын битүүнд замбутивд ирэхдээ айл бүрийн идээ будааг таалж ууцны сүүлийн үзүүрийн өөх, шагайг чөмөгний толгойны өөх хоёрт Лхам бурхан гар хүрсэнээр тэр хоёр өөх царцдаггүй болсон гэдэг. Зарим айл Лхамд идээ бэлтгэж байна гээд гэрийнхээ цавагт шагай чөмөг, бусад идээг нууж хонодог мөн хонгор халзан луусанд зориулж тотгон дээрээ өргөст харгана, мөс, хомоол тавьж хонодог заншил өдгөөг хүртэл уламжлагдсаар иржээ.
Лхамын дүр байдал: Зүүн зүгийн цус холилдсон их далайн дунд хар салхины хуйн хүрээн дотор шар хул луус хөлөглөсөн мангасын арьсан гөлөмтэй, эмээлтэй, хорт могойн хазаар хөмгөлдрөгтэй, “Жо” үсэгнээс гарсан цогт охин тэнгэр Ремодэ хэмээгч хөхөмдөг биетэй, нэг ам, хоёр мутар, гурван улаан мэлмийтэй, баруун мутартаа очирыг бэлгэдсэн, бэрээ барьж тангараг дорой, буурагсадыг далайсан байдалтай, зүүн мутартаа дүүрэн цустай гавалыг зүрхэний тус газартаа барьсан, нүүр нь маш тунгалаг бөгөөд дөрвөн их хурц соёо нь сүр жавхланг бадруулна. Тэрсүүдийн хүүрийг идэж Ла Ла гэх догшин инээдээр луугийн дууг дуурсгана. Гурван улаан мэлмий нь цахилгаан мэт гялалзан хилэнгийн атирааг хуйлруулна. Тэргүүний үс нь дээшээ дэлгэрэн цацарч хөмсөг ба сахал нь галав юүлэх цагийн эцсийн гал мэт машид бадраан баруун чихээ арслангийн дүрс, зүүн чихээ могойн дүрсээр чимэглэжээ. Хатсан хуурай таван хохимой толгойгоор тэргүүнээ чимэж цус цувирсан тавин хохимой толгойн шидэм эрхтэй. Биедээ цусан толбо ба гурван хурууны зурагтай үхдэлийн үнсний хэсгээр бие будаж, оройдоо сарыг залж хүйсэндээ нарны хот мандалыг оршоосон байна. Хар торгон баринтаг, хүний арьсан дэвсгэр хэрэглэж хар өрөмгөөр дээд биеийг бүрхэн барсын нойтон арьсан хормогч нь хоёр могойг зэрэгцүүлэн хээлж хийсэн бүслүүртэй ажээ. Хазаарын урд хэсэгтээ ээжээсээ авсан өвчний туламыг хадгалсан, эвхмэл мэсэн аргамжийг гадагшаа унжуулсан, мөн ээжээсээ авсан цаазын модыг бүсэндээ сэрээлж тогосын өдийг хатгажээ. Зарим сударт Лхамыг толгой дээрээ нар сарыг зүүсэн, ар талдаа арслан толгойтой луу/тэнгэрийн/-с шавдаж буй мэт байрлуулсан байдаг.
Лхамын нөхөр сэлт: Зонхорс Юм, Цэрэнчид-а, Дамаа жүни, Дүши дүрээр оршиж мам, дүд, эрлэг, мангас, хаад, дисаа, лус, ягчис, тэнгэр нарыг тойруулсан байх бөгөөд тэдгээр нь баруун мутартаа очир, илд дасдаа, жад, гох, төмөр бэрээ, зэрэг галтай зэвсэгүүд, зүүн гартаа хүний гавалтай хорт цус барьсан байна.
Лхам Зонхорсүм нь: Лхамын хоёр талд Сэнгэ донжин хэмээгч арслан толгойтой, бие нь хүрэн улаан өнгөтэй, нэг толгой, хоёр гартай, баруун гартаа дэгүг барьсан, зүүн гартаа цалам барьсан, Цүсрэн донжин хэмээгч матар толгойтой, хоёр гартай, хар өнгөтэй, баруун гараараа занал хийж цалам барьсан, зүүн гартаа луусны цулбуураа барьсан нөхөд зогссон байна.
Дүши буюу дөрвөн улирлын лхам нь: 
1.                Хаврын Лхам-Жижилхамын бие нь хурын үүл мэт бараан өнгөтэй, шар луус хөлөглөсөн, нэг нүүрт догшин дүртэй, баруун мутартаа үсний алтан хутга барьсан, зүүн гартаа шашны дайсаны гавалд зүрхний цус хийж барьсан, хүний арьс нөмөрсөн байдлаар оршино.
2.                Зуны Лхам-Яржилхам нь Бадмаараг эрдэнэ мэт догшин улаан өнгөтэй, баруун мутартаа дэгээ барьсан, зүүндээ хүний гавалтай цус барьсан, хөх торгон хувцастай, хөх усан үхэр хөлгөлсөн байдлаар оршино.
3.                Намрын Лхам-Донжилхам нь алтан шаргал хилэнт догшин дүртэй, согоо хөлгөлсөн, баруун мутартаа шар өнгийн хадуур барьсан, зүүндээ гавал барьсан байдлаар оршино. Зүүн гартаа дайсаны зүрх амруугаа барьсан, тогосны өдөн дээл өмсч буга унасан байна.
4.                Өвлийн Лхам-Гүнжижалма Мигман нь чулуу мэт хар хөх өнгөтэй, тэмээ хөлгөлсөн, баруун мутартаа бэрээ барьсан зүүндээ тодов барьж, сүр догшин байдлаар оршино. Зүүн гартаа хүний гавалтай цус барьсан, баруун гартаа шулмасын эрээн мод барьсан, тааран данзан хувцас өмссөн. хүрэн буур тэмээ барьсан байна.
Цэрэнчид-а буюу ах дүү, нас урт догшин хилэнт дагинасын дүрээр оршигч тав нь:
1.                Үхэлгүй насан хутгыг хайрлагч Цэрэнмаа урт наст эх
2.                Сайхан зүс царайг тодруулагч Шалсанма сайхан нүүрт эх
3.                Идээ ундааны хишгийг өгөгч Лувсанма сайн оюунт эх
4.                Эдийн дээдийг хайрлагч Дэнсэнма сайхан хоолойт эх
5.                Таван хушуу малыг аривжуулагч Досанма сайн явдалт эх
Дамаа жүни буюу Шашныг сахигч арван хоёр нь: Шашныг сахигч арван хоёр нөхөр нь эм шимнусын байдлаар дөрөв, мам тийрэнгийн байдлаар дөрөв, ягчисын байдлаар дөрөв бөгд хилэнт догшидын дөртэй байна.
Лхам бурханд наманчлан мөргөхдөө:
“Ум”, хоолойдоо “А”, зүрхэндээ “Хум” үсэг хадгалсан догшин хилэнт ба амирлангуйномын дүртэй, шавь сүсэгтэний тусын тулд энэрэлийн үйлс бүтээгч ,үргэлж тус амгаланг соёрхогч, эрт цагийн бурхадын өмнө тавьсан тангараг ёсоор бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд алгасалгүй зүтгэгч шашны сахиус, харш үзэлтнийг номхоруулагч эрлэг, ижил зөв үзэлтэнд бурханы чадлыг соёрхогч, цувиралтгүй тогтвортой амгаланг соёрхогч, бурханы хатан эх, бурханы шашны гол амь бөгөөд мэргэн шидээр шашныг баригч таалалт эх, шашны садан хэмээн Лхам бурханыг магтан мөргөнө.
Домог: Ноён хутагт Данзанравжаа жилдээ нэг удаа Ганжуур тэргүүтэй олон ном судруудаа аван Цэцэнхан, Түшээт ханы нутаг мөн То вангийн бүтээсэн Жанрайсиг бурханыг гороолдог байжээ. Нэгэн жил Ноён хутагт хоёр шавийн хамт гороолон явсаар Мэнэнгийн талд буудалжээ. Хоёр шавь нь оройн хоол гүнцэгийг багшдаа оруулж өгчихөөд буцаж явтал багш нь хэн нэгэнтэй ярилцаж байх нь сонсдов гэнэ. Нэг шавь нь сониучирхан эргэн очиж сэм харвал гэрийн нь зүүн талд Лхам бурхан заларч хоёул ярилцаж байсан гэнэ.
-Дүрст ертөнцийн Агнистад орших бурхад хүмүүний ертөнцийн ирээдүйг болгоон чуулахад Лхам бурхан “Ирээдүйд хүмүүний ертөнцөд Мирари хэмээгч аймшигт мангаст хувилан төрж ихээр доройтуулах юм байна хэмээн болгоогоод хүмүүний ертөнцийг энэхүү аймшигт мангасаас би сахин хамгаалсугай” хэмээгээд тэрхүү Мирари төрөх ёстой ертөнцийн нэгэн мангасынд охин болон төржээ. Түүнээс удалгүй 6 жилийн дараа мангас эцэг эхээс нэгэн аюумшигт мангас хүү төрсөнийг Мирари гэх бөгөөд тэрээр эцэг мангасын гэрт өсч торнивол дийлдэшгүй хүчит нэгэн болж энэ ертөнцөд хязгааргүй зовлон болох тул Лхам бурхан \эгч нь\ Мирариг авч амандаа зуугаад луус унан зугтжээ. Түүний араас эцэг нь хөөж харвасан сум луусны хондлой дээр оносоны нүх нь Лхам бурхан ирээдүйг болгоосоны бэлгэдэл ирээдүйг болгоогч мэлмий болсон гэдэг ажээ.
-Лхам бурхан ирээдүйг болгоосоны учир Лхамын шоо хаядаг хүн андуурдаггүй гэдэг бөгөөд хэрэв худал хэлсэн бол гэм нь түргэн магадтай арилдаг гэдэг.
Дээр үед сартуулууд нар Лхам бурханыг ихэд шүтдэг байв гэнэ. Тэгэхдээ Балданлхам буюу Төгс цогт охин тэнгэр хэмээн нэрээр нь дууддаггүй машид хүндлэн Ванданлхам гэж залбирдаг байж. Нэгэн хүн хятад амбаны луусуудыг хулгайлаад тууж эхэлтэл агтчин мэдээд араас нь хөөж гэнэ. Нөгөө хүн хөөгдөөд хариугүй баригдахын даваан дээр сандраад “Ээ Ванданлхам минь” гээд залбиртал нөгөө араас нь хөөж явсан агтчины морь бүдрээд баригдалгүй зугатааж амжсан гэдэг.


No comments:

Post a Comment