Буддын шашны сүм хийдийн хаалганы дээд талд байгаа номын хүрдэн болон эр, эм бодь гөрөөс нь дараах билэгдэл утгатай ажээ: Бурхан багш гэгээрлийг олсоныхоо дараа аглаг газар самадибясалгалд залрах цагт их тэнгэр Браама(төвдөөр Цамба)мянган хэгээст хүрд, Индра(төвдөөр Жажин)цагаан лавай өргөж ном айлдахыг хүсжээ. Бурхан багш зөвшөөрч, ном хүрдээ эргүүлэх үед ойгоос хос бодь гөрөөс ирж номын дууг чих тавин сонсож, нүд цавчилгүй байжээ. Үүнийг үлгэрлэн сүм хийдийн оройд хүрдээр бурханы зарлиг номыг, хүрдний хэгээсээр нь хутагтын найман мөр болох: зөв үзэл, зөв зоригдол, зөв амьдрал, зөв хэл, зөв үйл, зөв хичээл, зөв дурдал, зөв бясалгал,харин 2 гөрөөсөөр нь Браама болон Индра зэрэг шавь нарыг төлөөлүүлж, чихээ сайтар сортойлгосон нь сонсох билгүүнийг, нүдээ эс цавчих нь санахын билгүүнийг, газар сууж буй нь бясалгахын билгүүнийг тус тусбилэгдэх болжээ.
Нууц тарнийн билгэдэлээр бол эр бодь гөрөөс нь хамтын их амгалан, эм бодь гөрөөс нь хоосон чанрыг таньсан билгүүн харин номын хүрд нь эдгээрийн хослолыг тус тус заадаг ажээ. Ингэж амгалан хоосныг хослуулан явсаар алив нэг бодгаль ганжираар билгэдсэн бурхны таван билгүүнийг олон гэгээрдэг ажээ.
Бүх сүмийн оройд гурван цаг, арван зүгийн хамаг бурхадын хураангуй язгуурын таван бурхныг билэгдэх Ганжирыг залсан байгаагаас ганжирын цэцэг нь Амитаба бурхан буюу өөр бусдыг онохуйн билгүүн, хүрд нь Вайрочана бурхан буюу номын чанрын билгүүн,хонх нь Амогасидди бурхан буюу үйлсийг бүтээхүй билгүүн, бумба нь Акчобяа бурхан буюу толь мэт билгүүн,эрдэнэ нь Ратнасамбава бурхан буюу тэгш чанарын билгүүнийг тус тус билэгддэг байна.
No comments:
Post a Comment